11А ангийн сурагч Г.Болормаагийн бичсэн "Эссэ" бичлэгүүд та бүхэн тухлан уншиж оюун бодолдоо тунгаагаарай.
Аз жаргал нь…
Аз жаргал. Энэ үг маш олон утгатай. Аз гэдэг үг дангаараа “хүлээгээгүй ч хүрч ирсэн сайхан тохиол”. Харин жаргал гэдэг нь Монголоор өөрт төрсөн сайн сайхан зүйлсийн мэдрэмж, Төвөдөөр дуусах, эцэслэх гэсэн утгатай үг юм. Тэгвэл энэ 2 үг хоёулаа нийлээд илүү хүчирхэг утга илэрхийлдэг. Хүний амьдралын бүхий л сайн сайхан зүйлсийг зөвхөн энэ хоёр үгээр л хүүрнэх боломжтой. Тиймээс ч улс орон бүрт хамгийн гэгээлэг, хамгийн сайхан үгнүүдийн тоонд зүй ёсоор энэ хоршоо үг багтдаг билээ. Дэлхийн томоохон улсуудаас Америкийн нэгдсэн улсад Happiness, Оросын холбооны улсад Счастье, Бүгд найрамдах Хятад ард улсад , Холбооны бүгд найрамдах герман улсад Gluck, Япон улсад зэрэг орон бүрт аз жаргалыг илэрхийлсэн олон олон үгс бий. Хэдий ялгаатай бичигдэж, өөрөөр уншигддаг ч бүгд нэг утгатай. Харин хүн хүний хүслээс хамаараад энэхүү аз жаргал гэдэг зүйлийн хэмжүүр ч бас харилцан адилгүй байдаг. Үүнтэй холбогдуулан, нэрт сэтгэлзүйч А.Маслоу хүний хүсэл хэрэгцээг дараах 5 үе шаттай пирамидаар дүрслэн харуулжээ.
Хүний хүсэл, хэрэгцээг хамгийн доод шатнаас
эхлүүлээд товч тайлбарлавал, үндсэн буюу физиологийн хэрэгцээ нь хүний
амьдралын хамгийн чухал хэрэгцээнд тооцогдож идэж уух, унтаж амрах гэх мэт
физиологийн хэрэгцээ орно. Аюулгүй байх хэрэгцээ нь өөрийгөө болон гэр бүлээ
гадны халдлага аюулаас хамгаалж амар тайван амьдрах, тогтмол орлоготой,
амьдралын баталгаатай болохыг хүсэх хэрэгцээг илэрхийлнэ. Нийгмийн хэрэгцээ нь
хамт олон, найз нөхөдтэй байж, хайр халамж хүлээх, хайрлаж дурлах, дурлуулах
зэрэг хэрэгцээг хэлнэ. Өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ гэж нийгэмд өөрийн гэсэн
байр суурь эзэлж, бусдаас хүндэтгэл хүлээхийг хүсэх, өөрийгөө хөгжүүлэх
хэрэгцээ гэдгийг өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх хэрэгцээ гэж тус тус ойлгож
болно. Нэмж дурдахад, А.Маслоугийн онол нь гурвалжны доод хэсэг бол хүний
үндсэн хэрэгцээ бөгөөд үүнийг хангаснаар дараа дараагийн дээд шатны хэрэгцээг
хангах боломж бүрддэг гэж үздэг.
Гэсэн ч хүний хүсэл мөрөөдөлд зах хязгаар
байдаггүйг бодолцвол энэхүү онол хүнйи хэрэгцээний “хязгааргүй” шинж чанарыг ч
бас багтаасан болохыг анзаарч болно. Эдгээрээс харвал аз жаргал гэдэг нь өргөн
утгаараа хүний мэдрэмж юм. Тиймээс аз жаргалыг бусдаас биш өөрөөсөө хайх
хэрэгтэй. Учир нь аз жаргал нь өнгөрсөнд ч ирээдүйд ч тэр ч байтугай үүрд
мөнхөд ч оршин байх боломжгүй. Зөвхөн “яг одоо” цагт ч мэдэрч болох ховор
нандин мэдрэмж юм.
Хүнд таван мэдрэхүйн эрхтэн байдаг.
Эдгээр нь цөм аз жаргалыг дамжуулах үүрэгтэй. Гэвч туйлын аз жаргалд хүрэхийн
тулд өдгөө бидэнд ноёлсоор буй сэтгэлийн сөрөг талыг бүрэн бүтнээр нь өөрчлөх
шаардлагатай болж ирнэ. Сэтгэлийн муу зуршил, дадал нь дэндүү бат бөх байдаг
тул ганц нэгхэн ойлголт, хүчин чармайлт төдийхнөөр бус олон талын ойлголт,
мэдлэг боловсрол ялангуяа ертөнцийг үзэх үзэл, өөр бусад гадаад, дотоод олон
хүчин зүйлсээр нэгэн зэрэг тал бүрээс нь сэтгэлийн сөрөг байдалд нөлөөлөх
хэрэгтэй. Үүний учир нь жаргалтай хүний нүдэнд бүхий л зүйлс сайхан харагддагт
оршино. Харин та өөрийгөө жаргалтайд тооцдог уу ? Хэрвээ та мөрөндөө тохох
хувцастай бол дэлхийн бүх хүний 75% -аас баян. Ээж тань эсэн мэнд, эрүүл саруул
байгаа бол та хамгийн азтай хүн. Харин та миний бичсэн энэхүү эсээг уншаад
ойлгож, баярлаж байгаа бол бичиг үсэг мэддэггүй 2 миллиард хүнээс азтай юм.
Тиймээс одоо цагтаа аз жаргалыг мэдэрч амьдраарай.
Ном
зүй :
1.Эмос
клуб. Мэргэжлээ зөв сонгоход тань ///. УБ., (2005)
Хүний үүсэл ба түүхэн хөгжил дэвшил
Оршин буй бүх зүйлс, цаг хугацаа урсан өнгөрөх тусам хувьсан өөрчлөгдөж хөгжиж байдаг. Үүнтэй холбоотойгоор амьд ертөнц, амьд биес бүхэн хувирч өөрчлөгдөн хөгждөг тухай үзэл санааг эртнээс дэвшүүлж, таамаглаж, нотлохыг оролдож байсан билээ. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ягштал нотолж чадаагүй байсан үе болох 19-р зуунд Английн их эрдэмтэн Чарльз Роберт Дарвин түүхэн хувьсах хөгжлийн тухай сургаалиа жинхэнэ ёсоор нь үндэслэн хөгжүүлсэн юм. Энэхүү сургааль ёсоор орчин үеийн хүн дүрст бичнүүд болох горилла, шимпанзе, орангутанг, гиббон зэрэг нь хүнтэй нэг ерөнхий гарал үүсэлтэй бөгөөд ойролцоогоор 20-25 сая жилийн тэртээ тусдаа тасарч одоогийн хүний төрхийг бүтээсэн гэж үздэг. Балар эртний үеэс ялгаран хөгжиж орчин үеийн ухаант хүн болох төвөгтэй, урт удаан замыг туулсан бидний өвөгт амьд ертөнцийн түүхэн хувьсах хөгжлийн гол хүчин зүйлс болох байгалийн шалгарал, удамшил хувьсал, амьдралын төлөөх тэмцэл нөлөөлсөн нь дамжиггүй ч хүний үүсэл хөгжлийг дан ганц биологийн зүй тогтлоор тайлбарлахад хангалтгүй билээ. Ийм ч утгаараа гарал үүслийн асуудал нь бидэнд ихээхэн учир холбогдолтойгоос гадна хүн төрөлхтний үүсэл хөгжил нь нийгмийн байгуулалттайгаа салшгүй холбоотой явагдаж ирсэн тул үүнийг тусгайлан судалсан байдаг. Мөн хүний үүслийн гол хүчин зүйлд нийгэм, хөдөлмөрийн харьцаа шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн билээ.
Энэ
утгаар нь Ф.Энгельс “Хөдөлмөр хүнийг бий болгосон.” Гэж хэлсэн буй заа. Тэгвэл
бидний анхны өвөг эцэг болох дриопитек буюу хүний анхны мичин өвөг ч мөн адил
25 сая жилийн тэртээд ой шугуйд мал адил сүрэглэн амьдарч зөвхөн байгалийн
бэлэн зүйлсийг хоол тэжээлээ болгон ашигладаг байжээ. Ийнхүү хөгжсөөр тодорхой
хугацааны дараа сармагчин биеийнх нь бүтэц байгуулалтад өөрчлөлт гарч хойд хоёр
хөл дээрээ босоо явдаг болсон байна. Бодоод үзэхэд өндөр өвс бүхий тал газар
идэш тэжээл төдийгүй дайсан амьтнаа олж харахад, түүнчлэн сүргээрээ нэгдэхэд
биеийн ийм бүтэц байгуулалт илүү зохимжтой болсон ажээ. Анхандаа дээр
дурьдсанчлан эртний хүмүүс сүрэглэн амьдарч байсан бол яваандаа нийгмийн зохион
байгуулалттай хэлбэр болон хөгжжээ. Хөгжлийн энэ үеэс хөдөлмөр, амьдралын хэм
хэмжээг тогтоосон хуулиуд үйлчлэх болсон нь эдүгээ ч хүн төрөлхтний нийгмийн
байгууллын гол хүчин зүйл хэвээр билээ. Хүний хөгжил дэвшилд нийгэмшилт амьдрал
гүнзгийрэх тусам бие биетэйгээ харьцах шаардлагыг нэмэгдүүлж анхны дуу авианаас
хэл яриа үүссэн байна. Хэл яриа цаашид улам боловсорч хоёрдогч дохионы
тогтолцоо буюу жинхэнэ хэл яриа үүссэн нь уураг тархины сэтгэлгээ, ухамсрын
хөгжлийг шинэ дэвшилд хүргэсэн юм. Үүний тод илрэл нь урлаг (хадны болон агуйн
зураг), үзэл суртал (шашин, шүтлэг)-н үүсэл юм. Ийнхүү хүний үүсэл, хөгжилд
чухал түлхэц болсон нийгэм, хөдөлмөрийн үйл ажиллагаа, хэл яриа зэрэг нь
удамшдаггүй ажээ. Энэ чанар зөвхөн нийгэм, хүмүүсийн дунд л үүсдэг болохыг
хүний нийгмээс тусгаар байж амьтдын дунд өсөн бойжсон хүүхэд хүн төрхтэй
араатан болсон олон жишээ нотлон харуулдаг. Тэдгээрийн нэг нь та бидний сайн
мэдэх саяхан дэлгэцнээ гарсан “МАМА” хэмээх гадаад кино билээ. Эдгээрээс
харахад питекантроп буюу хомоэрэктусын үед хэл яриас үүссэн нь хүний үүсэл
хөгжлийн түүхэнд маш том ололт болж чадсан юм. Тэгвэл энэ үеийн бас нэгэн
гайхамшигт ололт нь тухайн үеийн хүмүүс галыг аж амьдралдаа хэрэглэх болсон юм.
Галыг эзэмших болсон нь хүний үйлдвэрлэлийн үйл ажиллагааг улам боловсронгуй
болгож эрчим хүчний шинэ нээлт болж түүнчлэн гал нь хүнийг ямар ч адгуусан
амьтнаас хүчирхэг болгох боломжийг бүрдүүлсэн зэрэг олон ач холбогдолтой.
Эдгээрээс хамгийн чухал нь гал үүссэнээр хүний биологийн хөгжилд ч асар их
нөлөө үзүүлсэн юм. Үүний тод жишээ нь галыг хэрэглэхээс өмнөх Австралопитекийн
уураг тархины хэмжээ 600см3 байсан бол питекантропынх 900см3 , 250-40 мянган
жилийн тэртээ байсан неандерталийнх 1400см3 , орчин үеийн хүн буюу
хомосапиенсийх 1500см3 болсон юм. Ийнхүү 40 мянган жилийн үеэс “оюун ухаант
хүн”-ий төрх бүрэлдэж, хүний нийгэм бүрэн утгаараа бий болсон билээ. Үүнээс
хойш тасралтгүй бөгөөд асар их хурдтайгаар хүн төрөлхтний оюун ухаан хөгжихийн
хэрээр хүний нийгэм ч мөн адил өөрчлөгдсөөр байна. Ийнхүү Ч.Дарвины түүхэн
хувьсах хөгжил нь үнэн бодитой, амьд биес үүсэл гарлын хувьд нэгдмэл болохыг
батлах баримтууд одоо ч олдсоор байгаа билээ.
Ном
зүй : 1.М.Ганболд Эволюцийн сургаал ///. УБ., (2003)
Сайн дурын ажил
Сайн дурынхан гэж хэн бэ ? Бусдын сайн сайхны төлөө өөрийн цаг зав, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан ажилладаг хүмүүсийг “сайн дурынхан” гэнэ. Тэгвэл сайн дурынхны дурлаж хийдэг сайн дурын ажил гэж ямар ажил юм бол ? Энэ нь гэр бүл, найз нөхөд, хамаатан саднаас арай илүү өргөн хүрээнд чиглэсэн, хариу нэхээгүй, цалин хөлс шаардан хийгдээгүй, өөрийн хүсэл, зоригоор оролцдог ажил, үйлчилгээ юм. Хүмүүс яагаад сайн дурын үйл ажиллагаанд нэгддэг вэ гэвэл сайн дурын ажил нь бусдын тусын тулд үйлчлэх хүсэл эрмэлзэл бөгөөд эн тэргүүнд бусдын аз жаргал, сайн сайхныг бодох хандлагаас үүдэлтэй юм.
“Хүн өөрийгөө танин мэдэж байж чухам өөртөө юу
хэрэгтэй, өөрийнхөө юу хийж бүтээж чадах, юуг чадахгүйгээ мэддэг. Тиймээс
өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг хангахын тулд чи бусдад туслах хэрэгтэй.” Сократ
Дэлхий
дээрх бүх л шашны сургаалд энэ тухай маш нарийн тусгасан байдаг. Түүгээр ч
зогсохгүй сайн дурын үйлсэд хүчин зүтгэх талаар улс даяараа анхааран ажилладаг
томоохон хүчирхэг орнуудад үндэсний нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд оруулсан
сайн дурынхны хувь нэмэр хамгийн багадаа 8-15% байдаг гэсэн судалгаа хийгджээ.
Сайн дурын үйл ажиллагаанд оролцогч нь нас, хүйс, яс үндэсний хувьд аливаа нэг
хязгаарлалт тавигдахгүй бөгөөд та ч сайн дурын үйлстэн болж болох бүрэн
боломжтой юм. Манай улсын хэмжээнд нийт 47 гаруй сайн дурын чиглэлээр үйл
ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус, ашгийн бус гэх зэрэг олон
байгууллагууд бий. Эцэст нь хэлэхэд, таны одоо хийж буй сайн үйлс ирээдүйд танд
эргээд аз жаргал болон буцаж ирдэг юм шүү.
Соёлын
тухай
Соёл гэдэг нь хүн бүхний эзэмшиж,
амьдрал ахуйдаа хэрэглэдэг, бас бүтээн өвлүүлдэг мэдлэг, итгэл үнэмшил,
бэлгэдэл, зан заншил, хэм хэмжээ болон чадвар, дадлуудыг агуулсан цогц ойлголт
юм. Соёл хэмээх үг нь “cultura” буюу Латинаар “газар боловсруулах” , “хүмүүжил, хүндлэл” гэсэн утгатай. Товчоор
хэлбэл өмнөх үеийн бүтээсэн нийгмийн соёлын уламжлалд түшиглэсэн хөдөлмөр нь
нийгмийн оршихуйн үндэс юм. Энэ ч утгаараа тухайн ард түмэн бүр эртнээс уламжилж
ирсэн соёл болон соёлын зан үйл, бэлгэдэл зэргээ үргэлж шинэчлэн, сайжруулсаар
ирсэн билээ. Мэдлэг болон урлаг нь соёлын хамгийн тод томруун, ойлгомжтой
объект юм. 1784 онд Германы соён гэгээрүүлэгч И.Г.Гердер (1744-1803) “Манай
гараг дээрх соёлын хөгжлийн зам бол энхэл донхол, саад бэрхшээл бүхий зам мөн”
гэсэн байдаг. Үүнээс үзэхэд соёл нь зогсолтгүй, зөвхөн урагшаа л явж буй
машинтай адил төдийгүй үргэлж өөрчлөлтийн дунд оршин байдаг ажээ.
Соёлд цоо шинэ үзэл санаа болон бүтээл
хийх үйл явцыг “шинэчлэл” гэж нэрлэдэг. Нээлт бол бодит байдлын урьд
мэдэгдээгүй тал, харилцаа холбоо, зүй тогтлыг олж тогтоох явдал билээ. Өөрөөр
хэлбэл, шинэ бүтээл нь оршин байгаа соёлын зүйлсийг урьд нь оршиж байгаагүй
шинэ хэлбэртэй болгох явдалд оршино. Жишээ нь, соёлын үсрэнгүй хөгжлийн зуунд
анхны машин зохион бүтээгдэж, олон олон шинэ нээлтүүдийг хүмүүс өөрсдийн
амьдралыг сайн сайхан болгох зорилготойгоор хийсэн. Үүний нэг нь зурагт юм.
1953 онд телевизор гэдэг шинэ үг хүн төрөлхтний амьдралд бат бэх орсон бөгөөд
одоо энэхүү мэдээллийн хэрэгсэлгүйгээр бидний амьдралыг ганц өдөр ч төсөөлөхөд
бэрх билээ. Зурагт хөгжих хамгийн чухал үе нь 1817 оноос 1880 он хүртэлх үе
байсан юм. Тэгвэл Францын социологич Эмиль Дюркгейм (1858-1917) нийгэмд тогтсон
хэм хэмжээ алдагдсаны улмаас соёлын нэгдэл зөрчигдөхийг “соёлын гажилт” гэж
нэрлэсэн байдаг бөгөөд ихэнхи социологичид 19-р зууны сүүл үеэс эхлэн соёлын
гажилт үүссэн гэж үздэг.
Сонирхолтой нь, телевизорын амин сүнс
болсон катодын хоолойг хийсэн Оросын зохион бүтээгч Владимир Зворыкин өөрийн
зохион бүтээсэн зурагтаа үзээд “Хүүхдүүддээ л үүнийг үзүүлэхгүй юм шүү” гэж
хэлсэн гэдэг. Үүнтэй уялдуулан нэгэн судалгааг дэлгэхэд сэтгэл зүйч, профессор,
доктор Кимберли С.Яаны хийсэн албан бус судалгаагаар интернет хэрэглэгчдийн 80%
орчим хувь нь “дэлгэцийн донтолт” –нд өртсөн донтогч байдаг гэсэн дүн гарчээ.
Үүнд нөлөөлөх нэг шалтгаан нь өндөр хөгжилтэй ихэнх орны хүн амын 90% нь
хотжсон нийгэмд амьдарч байгаатай холбоотой юм. Эдгээрээс үзэхэд “Соёл нь
тогтвортой зүйл биш юм”.
Ном зүй :
1.Нийгмийн
ухаан 5 ///. УБ., (2013), “Адмон принт” хэвлэл
2.20-р зууны
100 үйл явдлууд ///. УБ., (2012)
Ядуу амьдрахгүйн тулд
юу хийх вэ ?
Ядуу.
Энэ үгийн утга нь хөрөнгө, амьдрал ахуйгаар дутмаг буюу үгээгүү мөн хүчин
чадал, мэргэжил эрхмээр дутуу дорой гэсэн тайлбартайгаар толь бичгийн хуудаснаа
буужээ. Харин ядуурал гэдэг нь ядуурах, доройтох, ядуурал тохиолдох, ядуурлын
туйлд хүрэх гэсэн утга бүхий үг юм. Нийгэмд болж буй бүхий л муу муухай
зүйлсийн ихэнх нь зөвхөн “ядуу” гэсэн шалтгааны улмаас үйлдэгдсэн байдаг. Жишээ
нь, хулгай, дээрэм, хүн амины хэрэг, хүний болон эрхтний наймаа, биеэ үнэлэлт,
хар тамхины наймаа гэх мэт. Эдгээрээс гарах үр дагавар нь бүр ч аймшигтай.
Гэтэл сүүлийн 7 жилд дээрх гэмт хэргийн тоо буураагүй. Дэлхийн нийт хүн амын
80% нь “ядуу” гэсэн тодотголтой амьдарч байна. Харин манай улсын ард иргэдийн
ядуучуудынх нь 30% орчим нь нэн ядуу буюу ядуурлын гүнзгийрэлд орсон. Энэ нь
жирийн ядуу хүмүүсээс хэд дахин илүү тарчигхан амьдралаар амьдрахыг хэлнэ.
Хүмүүс бүгд л адилхан хүний төрлийг олж эхийн хэвлийгээр дамжин хорвоод амьдрах
гэж тэмцдэг. Гэтэл ядуугийн тавиланд төрсөн нь тэдгээр ядуу иргэдийн буруу гэж
үү ?
Ямар ч
зүйл мөнхйин нэг хэвэнд, нэг байрлалд, нэг шинж чанараараа байдаггүй. Үргэлжийн
мөнхөд өөрчлөлтийн дунд оршиж байдаг. Тиймээс ядуу байдлыг ч бас өөрчилж болдог
юм. Үүний нэгэн тод жишээ бол Өмнөд Солонгос улсын “Дэү” хэмээх дэлхийд нөлөө
бүхий томоохон компанийг үүсгэн байгуулсан Ким Ү Жүн гэдэг хүний туулсан
амьдрал. Дайны дараах улс нийтээрээ ядууралд автаад байсан ороо бусгай цаг үед
сонин зарж, өдрийг ус уух төдийхнөөр өл дарж, гэрийнхнийгээ тэжээж, мөнгөгүйн
эрхэнд хөл нүцгэн гүйж байсан тэрээр өөртөө энэ арчаагүй, тарчигхан амьдралыг
үгүй хийнэ хэмээн тангараглаж унтах ч завгүй, маш шургуу хөдөлмөрлөсний хүчинд
ийнхүү агуу амжилтанд хүрч чадсан ажээ. Үүнээс үзвэл “ядуурал” нь мөнхийн зүйл
биш юм. Тиймээс нэн ядуу хүмүүс нь ядуурлын хар ангалаас гарахын төлөө,
ядуучууд нь дундаж амьдралын түвшинд хүрэхийн төлөө, энгийн иргэд нь ядуу
амьдрахгүйн төлөө харин хөрөнгөтөн чинээлэг хүмүүс нь ядуурлыг бууруулахын
төлөө бүгдээрээ цэвэр үнэн, шударгаар хөдөлмөрийг тахин шүтэж хөдөлмөрт шунан
дурлацгаая. Нэгэн мэргэн хүн “Хөдөлмөр хүнийг бий болгодог юм” гэж хэлсэн
байдаг шүү дээ. Эцэст нь “Чи ядуу төрсөн байж болно. Харин ядуу хэвээрээ үхэж
болохгүй.”
Ном зүй :
1.
Ким
Ү Жүн. Хорвоо дэлхий уудам хийх ажил их байна
///. УБ